Мөнгөний менежмент болон Эрсдэлийн менежмент нь эхлэн суралцаж байгаа хүмүүсийн толгойг эргүүлдэг. Энэ хоёрыг нэгтгээд маш энгийн нэг зүйл болгоод мөнгөний менежмент дотор эрсдэлийн менежментийг багтаагаад ойлгочихвол амар. Өөрөөр хэлбэл мөнгөний менежмент буюу мөнгөө удирдах нь эрсдэлийг удирдах боломжийг олгодог.
Эрсдэлийн менежмент гэж юу вэ?
Эрсдэлийн менежментийн хувьд 1, 6 гэсэн хоёр тоог тогтоогоод авах хэрэгтэй.
Нэг удаагийн арилжаанд дансныхаа 1%-иас илүүг эрсдэлд оруулж болохгүй. Нэг чиглэлд хөдөлдөг буюу хоорондоо хамаарал бүхий хослолууд дээр зэрэгцсэн арилжаа нээхгүй байх. Жишээ нь EUR/USD болон GBP/USD хоёр хослол хоорондын хамааралтай хослолууд. Дансныхаа 1%-иар EUR/USD дээр buy арилжаа нээгээд хаагаагүй байхдаа GBP/USD дээр buy арилжаа нээвэл таны compound risk буюу нийлмэл эрсдэл арилжааны дансны 2% гэсэн үг бөгөөд эрсдэлийн менежментийг зөрчиж байна гэсэн үг. Хэрэв GBP/USD дээр sell арилжаа нээсэн бол hedge хийгдээд ашиг алдагдал 0 гэсэн үг.
Тухайн сарын арилжааны алдагдал арилжааны дансны 6%-д хүрвэл дараа сар хүртэл арилжаа хийхгүй байх хэрэгтэй. Дараа сар гартал тархиа сайхан амраагаад, хийсэн арилжаанууд болон арилжааныхаа систем дээр анализ хийх хэрэгтэй.
Эрсдэлийг менежмент ярих үед Recovery Rate буюу Алдагдлыг нөхөх хувь гэдэг ойлголт яригддаг. Арилжааны дансныхаа 10%-ийг алдвал үлдсэн 90% буюу үлдсэн мөнгөө 11%-иар өсгөж байж алдагдлаа нөхнө. Арилжааны дансныхаа 50%-ийг алдвал үлдсэн 50% буюу үлдсэн мөнгөө 100%-иар өсгөж байж алдагдлаа нөхнө.
Ихэнх арилжаачид 20% болон түүнээс дооших алдагдлыг удирдаж чаддаг. Арилжааны дансны алдагдал 20%-иас хэтэрвэл арилжаачны хяналтаас гарч буцааж нөхөх улам л хэцүү болдог. Доорх зургаас 10%-иас дооших алдагдлыг амархан нөхөж болохоор харагдаж байгаа биз. Эндээс бодоод үзвэл дээрх “тухайн сарын арилжааны алдагдал арилжааны дансны 6%-д хүрвэл дараа сар хүртэл арилжаа хийхгүй байх хэрэгтэй” гэдэг зөвлөгөөг утга учиртай, олон бодож байж гаргасан гэдгийг ойлгоно.
Алдагдлыг нөхөх хувь
Мөнгөний менежмент гэж юу вэ?
Мөнгөний менежментийн хамгийн чухал зүйл бол Risk Reward Ratio (RRR) буюу эрсдэл ашгийн харьцаа. Хамгийн тохиромжтой эрсдэл ашгийн харьцаа бол 1:3. Эрсдэл ашгийн харьцаа 1:3 үед та арилжааны арга барилаараа 25%-иас дээш магадлалтай таамаглал гаргаад арилжаа хийхэд ашигтай ажиллана. Өөрөөр хэлбэл алдагдал хүлээхгүй, 100 арилжаа хийгээд 25-аас дээшид нь ялахад л ашиг хийнэ. Арилжааны шинжилгээ хийгээд эрсдэл ашгийн харьцаа нь 1:3-аас бага үед тухайн арилжаанд ороод хэрэггүй гэж ойлгож болно.
Эрсдэл ашгийн харьцаа
Яагаад мөнгөний болон эрсдэлийн менежментийг баримтлах ёстой вэ?
Ханш хэрхэн хөдлөх, унах, өсөхийг хэн ч урьдчилж 100% таамаглаж чадахгүй учраас эрсдэлийн менежментийг маш чанд баримтлах хэрэгтэй. Яаж ч сайн шинжилгээний хийсэн, ямар ч сайн арилжаачин байгаад, түүний шинжилгээний таамаглал маш өндөр хувьтай үнэн байдаг ч тухайн нэг шинжилгээний ашиг хийх эсвэл алдах магадлал илүү ч үгүй, дутуу ч үгүй яг 50%.
Мөн 100 арилжаа нээхэд хэд хэддүгээр арилжаанд хожих эсэхийг, тэр ч бүү хэл хэдэн хувьд нь хожихыг хэн ч урьдчилж мэдэж чадахгүй.
Эрсдэлийн менежментийг баримталдаггүй арилжаачин өнөө маргаашдаа эсвэл богино хугацаанд хэд хэдэн ашигтай арилжаа хийж болох ч дараа хэзээ нэгэн өдөр ганц хоёрхон муу арилжаагаар арилжааны дансныхаа ихэнхийг эсвэл бүгдийг алдах боломжтой.
Тиймээс л арилжаа хийхдээ мөнгөний менежмент болон эрсдэлийн менежментийг баримтлах хэрэгтэй. Дахиад хэлье арилжааны талбарт удаан тэсэж үдэхийг хүсвэл, урт хугацаандаа ашигтай ажиллахыг хүсвэл энэ хоёр менежментийг баримтлах хэрэгтэй.
Эдгээр менежментийг хэрэгжүүлэхэд туслах, урьдчилан тооцоолоогүй эрсдэлээс зайлсхийхэд туслах хэрэгслүүд бол Stop Loss болон Target Point юм. Яагаад үргэлж Stop Loss ашиглах ёстойг “Форекс арилжааг эхлэн суралцагчдын мөнгийг хэмнэх 5 зөвлөгөө” нийтлэлээс уншаарай.
Мөнгөний менежмент болон эрсдэлийн менежмент хоёр нь сурахад, ойлгоход маш амархан болов ч хэрэгжүүлэхэд нэлээд хэцүү. Мөнгөний менежмент болон эрсдэлийн менежментийг ойлгоход хэдхэн цаг хангалттай ч хэрэгжүүлж, ягштал баримталдаг болоход нэлээд хугацаа ордог. Хүмүүс ойлгосон хирнээ бодит байдал дээр хэрэгжүүлж чаддаггүй. Хэрэгжүүлэх хүртэл магадгүй хэд хэдэн арилжааны данс шатаах байх!?
Эрсдэл болон мөнгөний менежментийг баримталж чадвал абсолют утгаараа хэзээ ч данс шатахгүй!