Арилжааны сэтгэлзүй бол арилжааны шийдвэр гаргах үйл явц дахь сэтгэл хөдлөл бөгөөд арилжаа амжилттай эсвэл бүтэлгүйтэхийг тодорхойлох сэтгэл хөдлөл болон сэтгэцийн байдал. Арилжааны сэтгэлзүй нь хувь хүний зан байдал, зан үйлийн янз бүрийн талыг төлөөлж арилжааны үйл ажиллагаанд нөлөөлдөг бөгөөд зарим шийдвэр яагаад бусад шийдвэрээс илүү оновчтой харагдаж байгааг тайлбарлахад тусалдаг.
Арилжаа хийхдээ сэтгэлзүйгээ удирдаж чадвар арилжааны зөв шийдвэр гаргах магадлал ихэснэ. Гэвч үнэн хэрэгтээ бид сэтгэл хөдлөлийг хэзээ ч бүрэн удирдаж чадахгүй бөгөөд хэт их хянавал, хянах гэж оролдвол явцын дунд илүү сөрөг үр дагавар гарч болзошгүй. Тиймээс сэтгэлзүйг удирдах биш сэтгэлзүйг зохицуулах гэж ярих нь илүү оновчтой хэллэг болно.
Арилжааны сэтгэлзүйг зохицуулах шилдэг арга бол арилжааны журнал буюу арилжааны тэмдэглэл хөтлөх юм. Арилжааны шийдвэр гаргах үед урьдчилан бэлдсэн арилжааны сэтгэлзүйн асуултуудад хариулах, арилжаа нээх болон хаах үеийн, мөн арилжааны явц дахь сэтгэлзүйн байдлаа тухайн арилжааны тэмдэглэл дээрээ бичээд хэсэг хугацааны дараа бичсэн зүйлээ уншиж, анализ хийх нь арилжааны сэтгэлзүйг зохицуулах, түүнийг сайжруулах боломжийг олгоно.
Арилжааны сэтгэлзүйтэй холбоотой Айдас (Fear), Шунал (Greed), Санаа зовох (Anxiety), FOMO (Fear Of Missing Out), FOJI (Fear Of Joining In), Эргэлзээ (Doubt), Сэтгэлийн түгшүүр, айж сандрах (Nervousness), хэт итгэлтэй байх (Over-Confidence), Түргэн баяжих (Get Quick Rich), Баярлах (Excitement), Цөхрөл (Desperation), Итгэл (Hope), Харамсал (Regret) гэх мэт ойлголтууд байдаг.
Маркетын сэтгэл хөдлөлийн мөчлөг
Дашрамд хэлэхэд арилжааны сэтгэлзүйг илэрхийлсэн “Зах зээлийн сэтгэл хөдлөлийн мөчлөг” гэсэн график зураг байдаг бөгөөд уг графикийг харахад маш энгийн харагддаг. Гэвч график зураг дээрх нэг үг нь л гэхэд цаанаа маш гүн гүнзгий ойлголттой бөгөөд утгыг нь бүрэн гүйцэд ойлгохын тулд хэд хэдэн ном унших шаардлагатай болдог.
Яагаад, ямар үед хүн дээрх сэтгэл хөдлөлүүдийг гаргадаг талаар дараагийн нийтлэлүүдээр хүргэхийг хичээнэ ээ.