Форекс арилжааг эхлэн суралцаж байгаа болон хараахан хэрхэн арилжаа хийх аргаа олоогүй хүмүүст зориулж нэгэн аргыг буюу “Форексын мөлжих арга”-ыг танилцуулж байна.
Эхлэн суралцаж байгаа хүмүүс ямар ямар хослол дээр хэрхэн арилжаа хийхээ мэддэггүй. Өөрөөр хэлбэл нэг EUR/USD дээр, дараагийн удаа NZD/JPY дээр, өөр нэг өдөр XAU/USD дээр, хэн нэг хүний зөвлөгөөгөөр өөр нэг хослол дээр, мөн хэн нэг хүний сигналыг хараад бас өөр нэг хослол дээр арилжаа хийгээд байдаг.
Өөрт тохиолдсон нэгэн түүхийг товч дурдъя. Анх форексыг оролдож эхлээд нэлээд бүтэлгүйтсэний эцэст сайн уншиж, судлах ёстой, өөрийн гэсэн арга барилтай болох ёстой гэдгийг ойлгосон. Ингээд нэлээд удаан хугацааны турш уншиж, судалсны эцэст нэгэн арга барилыг өөрт тохирох арга барил байна гэж үзээд тэр арга барилыг цааш нэлээн судалсан. Судалсныхаа дараа туршилт хийсэн ба бүтэлгүйтсэн. Бүтэлгүйтлийнхээ шалтгааныг нь удаан хайсны эцэст тухайн арга барилд тохирох ханшийн хөдөлгөөн тухайн хослол дээр бий болоход тодорхой хугацаа ордог бөгөөд тэр хугацааг хүлээж тэвчихгүй түрүүлж арилжаа нээгээд байна, мөн тэр хугацааг хүлээж тэвчихгүй арилжаа хийх болон мөнгө олох хүсэл, дондоо хөтлөгдөн ханшийн хөдөлгөөн бүрийг өөртөө тааруулан уншиж байна гэж тодорхойлсон. Тиймээс арилжааныхаа тактикийг өөрчилсөн. Нэгэн мэргэн санаа орж ирсэн нь брокерынхоо бүх хослол дээр шинжилгээ хийвэл миний судалж, туршиж байгаа арга барилд тохирох ханшийн хөдөлгөөн аль нэг хослол дээр, магадгүй хэд хэдэн хослол гарцаагүй олдож таараа гэж бодсон. Тухайн үед Pepperstone брокер дээр арилжаа хийж байсан ба нийт 95 хослол байсан. Ингээд 95 хослол дээр долоо хоног (Weekly), өдөр (Daily), 4 цаг (H4), 15 минут (M15) гэсэн хугацаагаар 95×4=380 чарт дээр 2 долоо хоногийн турш шинжилгээ хийсэн. Гэтэл шинжилгээ хийсний дараа 95 хослол буюу 380 чартыг өдөрт хэд хэдэн удаа гүйлгэж харна гэдэг үнэхээр хэцүү ажил байсан. Scalper арилжаачны хувьд энэ бол OH MY GOD! Мөн аль аль хослол дээр миний арга барилд тохирсон нөхцөл байдал буюу арилжааны оролт байгаа, аль аль хослол дээр миний арга барилд тохирсон нөхцөл байдал үүсэх дөхөж байгаа болон үүсч болзошгүй байгааг санах хэцүү байсан. Тиймээс тэмдэглэл хөтлөөд тулалдаж эхэлсэн. Гэвч мэргэн санаа маань мэргэн санаа биш байсан ба бүтэлгүйтэл үргэлжилсээр … Энд та бүхэн бүтэлгүйтэл гэдэг үгийг алдах гэдэг үгээр ойлгож болно. Энэ бүхний эцэст дараах зүйлийг ойлгосон.
Форексын хослол болгон өөрийн гэсэн ааш зан, араншинтай байдаг. Мөн хэт их мэдээлэл буюу чартан дунд хүн төөрдөг.
Тухайн хослол дээр арилжаа хийгээд байвал тухайн хослолоо ойлгодог болно. Тиймээс арилжаа хийх хослолуудаа сонгох хэрэгтэй болсон ба 20 хослолыг арилжаа хийх хослолоор сонгож авсан. Хослолын тоо хэт цөөн бол арилжаа нөхцөл байдал цөөн үүсэх буюу долоо хоногт цөөн арилжааны оролт хийнэ гэсэн үг. Хослолын тоо хэт олон бол чартуудаа шалгахад хэцүү буюу шалгаж амжихгүй.
Яагаад 20 хослол сонгосон бэ?
- Хамгийн нийтлэг бөгөөд хамгийн их арилжаалагддаг 18 хослол байдаг.
Тухайн хослол их арилжаалагддаг бол ханшийн хөдөлгөөн олон үүснэ. Ханшийн хөдөлгөөн олон үүсвэл арилжааны боломж олон бий болно.
- Доуны онолын үндсэн 6 зарчмын 4-р зарим нь “Хөрөнгийн зах зээлийн дунджууд нэг нь нөгөөгөө баталгаажуулдаг” гэсэн зарчим байдаг. Өөрөөр хэлбэл хослол хоорондын хамаарал.
Хослол хоорондын хамаарлыг харуулсан бэлэн график байгаа учраас хослол хоорондын хамаарлыг харахад шууд доорх графикийг харчхад амар байдаг.
- GOLD буюу АЛТ.
Алт бол форексын хамгийн нийтлэг арилжаалагддаг металлуудын нэг. Мөн арилжаачдын нэлээд хувь нь алтан дээр арилжаа хийх сонирхолтой байдаг.
Хамгийн их арилжаалагддаг 18 хослол + График дээр 19 ялгаатай хослол байгаа + GOLD = 20 хослол.
Жич: Хослол хоорондын хамаарал график дээр байгаа 19 ялгаатай хослол дотор хамгийн их арилжаалагддаг 18 хослол байгаа/багтсан.
20 хослолыг үсгийн дарааллаар жагсааж харуулав.
| |
AUD/CAD | EUR/USD |
AUD/JPY | GBP/CHF |
AUD/NZD | GBP/JPY |
AUD/USD | GBP/USD |
CHF/JPY | NZD/JPY |
EUR/AUD | NZD/USD |
EUR/CAD | USD/CAD |
EUR/CHF | USD/CHF |
EUR/GBP | USD/JPY |
EUR/JPY | XAU/USD |
Миний хувьд дээрх 20 хослолыг эргүүлж тойруулж суудаг болсон. Эхний удаа дээрх 20 хослол дээр шинжилгээ хийхэд хэдэн өдөр болсон ба түүнээс хойш өглөө, өдөр, орой нэг нэг удаа шалгадаг болон. Нэг удаа бүгдийг нь шалгахад ойролцоогоор 20 минут болдог. Ингээд би гэдэг хүн байнга дэлгэц ширтэж суухаа больж нэлээд зав чөлөөтэй хүн болсон.
Зарим чарт дээр зурсан шинжилгээний зураг эвдрэхэд засах, зарим чартын шинжилгээний зургийг өөрчлөх, шинэчлэх зүйл гарна. Мэдээж өдөр бүр, байнга ийм асуудал үүсэхгүй нь ойлгомжтой.
Дээрх 20 хослолыг гартаа оруулсны дараа сард эсвэл тодорхой хугацааны дараа 1 хослолыг нэмэх байдлаар хослолынхоо тоог нэмэгдүүлж болно.
Миний хэлэх гээд байгаа бас нэг санаа бол нэг зүйл дээрээ тогтоод түүнийгээ худалдаж аваад, зараад сурчих. Жишээ нь: оймс зарах … Ямар нэг зүйлийг зараад сурсан тохиолдолд дараа нь гутал зарах, үдээс зарах, улавч зарах, эсвэл өөр юу ч байсан чанарын ялгаа бараг байхгүй. “Зарах” гэсэн ганц гол зүйл л байгаа. Манай тохиолдолд ганц EUR/USD дээр ч юм уу 🙂 (Эсвэл жаахан өргөтгөөд дээрх 20 хослол дээр … ).
Та одоо яагаад форексын мөлжих арга гэснийг ойлгосон байх.
Эцэст нь хэлэхэд форекс арилжаагаар мөнгө олоход чухал шаардлагатай зүйлүүдийн нэг бол ТЭВЧЭЭР.
Тэвчээртэй суралцах хэрэгтэй.
Арга барилаа өөрийн болготлоо тэвчээртэй туршилт хийх хэрэгтэй.
Арилжааны таатай боломж гарч иртэл тэвчээртэй хүлээх хэрэгтэй.
Ашгийг гүйлгэх буюу Take profit хүртэл тэвчээртэй хүлээх хэрэгтэй.