Форексын свопын хүү (swap rate - своп хүү/ханш) гэдэг нь гадаад валютын арилжаанд захиалгыг нэг шөнийн турш нээлттэй байхад төлөх эсвэл авах хүү юм.
Өөрөөр хэлбэл форекс арилжаа нь хөрөнгийн орлого буюу ханшийн зөрүүний ашгаас гадна хүүний орлогын ашгийг бий болгодог.
Свопын төлбөр (swap charge) нь валютын хослол бүрт хамаарах улсуудын зээлийн хүү (банкны хүү) болон худалдан авах (buy/long) эсвэл зарах (sell/short) захиалгын аль нь байгаагаас хамааран бодогдоно.
Ямар нэгэн валютын хослолын хувьд валют (хослол)-ыг зарахад хүү төлнө, худалдан авахад хүү авна.
Хэрвээ худалдаж авсан валютын хүү нь зарсан валютын хүүнээс их байвал арилжаачин хүүний ашиг авна. Томьёонд оруулаад тооцоолол хийхэд нэмэх тэмдэгтэй тоо буюу эерэг хүү гарна.
Хэрвээ худалдаж авсан валютын хүү нь зарсан валютын хүүнээс бага байвал арилжаачин хүү төлнө. Томьёонд оруулаад тооцоолол хийхэд хасах тэмдэгтэй тоо буюу сөрөг хүү гарна.
Свопын хүү нь хувьсах хэмжигдэхүүн бөгөөд зах зээлийн хэлбэл дээр үндэслэгдэн өөрчлөгдөж байдаг.
Свопын хүү буюу төлбөрийг санхүүгийн байгууллагууд зах зээлийн нөхцөл байдал болон эрсдэлийн менежментийн шинжилгээ зэргийг үндэслэн долоон хоног тутам тооцоолон гаргадаг.
Валютын хослол бүр өөр өөр свопын төлбөртэй байдаг ба стандарт 1 лот (100,000 base units)-оор хэмжинэ.
Ихэнх брокерын Rollovers/Swaps нь 5pm EST (New York Time) цагт хийгддэг/бодогддог.
Жишээ
GBP/USD гэсэн хослол дээр жишээ тооцоо хийж үзье. Энэ хослолд оролцогч улсууд нь United Kingdom (Их Британи) болон United States of America (АНУ) ба банкны жилийн хүү нь Их Британийнх 0.50% болон АНУ-ынх 0.25%.
Та GBP/USD хослол дээр 1 лотын хэмжээтэй худалдан авах (BUY) захиалга хийсэн гэж үзье. Тэгвэл:
- GBP/USD хослол дээр BUY захиалга хийнэ гэдэг нь USD-ийг зараад буюу зээлж аваад GBP-ийг худалдаж авч байна гэсэн үг.
- 1 лотын хэмжээтэй BUY захиалга гэдэг нь суурь валют (base currency)-аас 100,000 нэгжийг буюу £100,000-ийг худалдаж авсан гэсэн үг бөгөөд туслах валют (quote currency)-аар буюу манай жишээгээр бол USD-ээр төлбөрийг төлсөн гэсэн үг.
- GBP-ийг худалдан авснаар та худалдаж авсан фунтаасаа жилийн 0.50%-ийн хүүний орлого олно гэсэн үг.
- USD-ийг зарж байгаа тул таны зээлсэн доллартоо жилийн 0.25% -ийн хүү төлнө гэсэн үг.
- Эцэст нь 1 өдрийн своп хүү/ханшийг тооцвол (0.50% – 0.25%) / 365 × 100,000 болно. Нэмэх тоо гарвал та хүү авна гэсэн үг. Харин хасах тоо гарвал таа хүү төлнө гэсэн үг.
Свопын хүүг харах
MT4 арилжааны платформ дээрээс сүүлд шинэчлэгдсэн свопын хүүг харж болно. Жич: Ихэнх форексын брокерууд захиалга бүрт свопын хүүтэй тооцдог. Харин зарим нэгэн брокерууд захиалгад свопын хүү тооцдоггүй.
- View цэснээс Market Watch-ийг сонгоно.
- Market Watch цонх (panel) нээгдэх ба свопын хүүг нь харахыг хүссэн валютын хослол дээрээ хулганынхаа сумыг аваачаад хулганынхаа баруун товчийг дарна.
- Гарч ирэх цэснээс Specification эсвэл Properties-ийг сонгоно.