Арилжаа (худалдаа, trading) гэдэг үг, нэр томьёо хүн бүрийн чихэнд танил сонсогддог.
Ихэнх хүмүүс нь өдөр тутмын амьдралдаа өдөр бүр, ямар нэгэн байдлаар арилжаа хийдэг ч арилжаа хийсэн гэдгээ мэддэггүй эсвэл хийж байгаа гэдгээ анзаардаггүй.
Энгийнээр таны худалдаж авахыг хүссэн бүх зүйлс арилжаа юм.
Арилжааны зарчим
“Арилжаа” гэдэг бол энгийнээр “нэг зүйлийг нөгөөгөөр солилцох” үйл ажиллагаа.
Үүнийг бид ихэвчлэн барааг мөнгөөр солилцох гэж ойлгодог.
Өөрөөр энгийнээр хэлбэл ямар нэгэн зүйл худалдаж авах.
Өмнөх өгүүлбэрт дурдсан арилжаа гэдэг ойлголт болон санхүүгийн зах зээл дээрх арилжаа гэсэн ойлголт хоёр адилхан зүйл.
Хувьцааны арилжаа хийдэг хэн нэгнийг бодоод үзээрэй.
Бодитоор тэдний хийж байгаа зүйл бол аль нэг компанийн жижиг хэсэг буюу хувьцааг худалдаж авч байгаа юм.
Хэрвээ худалдаж авсан хувьцааны ханш өсвөл буцаагаад өндөр ханш дээр хувьцаагаа зараад ашиг (мөнгө) олно. Энэ бол арилжаа.
Та ямар нэгэн зүйлийг тодорхой нэг ханшаар худалдаж аваад өндөр ханшаар буцаагаад зарвал ашиг олно. Мэдээж бага ханшаар зарвал алдагдал хүлээнэ.
Тэгвэл нэг асуулт байна. Яагаад хувьцааны ханш өсдөг вэ? Хариулт маш энгийн: ханш эрэлт болон нийлүүлэлтээс хамаарч өөрчлөгддөг. Ямар нэг зүйл эрэлт ихтэй байвал олон хүмүүс төлөхөд бэлэн байдаг.
Эрэлт нэмэгдэхэд үнэ өснө
Үүнийг энгийн өдөр бүрийн хүнс худалдаж авах жишээгээр тайлбарлаж болно.
Энэ хавар буюу 2019 оны хавар махны үнэ огцом нэмэгдэж 1 килограмм мах 17000 төгрөг хүрсэн бөгөөд улс даяараа бухимдсан.
Энэхүү жишээгээр эрэлт, нийлүүлэлтийг тайлбарлъя.
Таныг Дэижийн мянгийн Хүчит шонхор зах дээр байгаа бөгөөд лангуун дээр зөвхөн 10 килограмм мах үлдсэн байна гэж үзье. Энэ газар бол мах худалдаж авч болох ганцхан газар гэж төсөөлье. Хэрвээ та мах худалдаж авахыг хүссэн ганцхан хүн бөгөөд 2 килограмм мах худалдаж авахыг хүсэж байгаа бол өөр худалдан авагч байхгүй учраас лангууны эзэн үнэтэй биш үнээр зарах өндөр магадлалтай.
Одоо зах дээр 15 хүн байгаа бөгөөд тэд бүгд мах авахыг хүсэж байгаа гэж үзье. Тэд бусад хүмүүс худалдаж авахаас өмнө худалдаж авахыг хүсэх бөгөөд мах худалдаж авахын тулд илүү төлөхөд бэлэн байна. Тиймээс лангууны эзэн үнээ өсгөх боломжтой. Учир нь лангууны эзэн махны эрэлт нийлүүлэлтээс илүү байгааг мэднэ.
Хэрвээ махны ханш өсөөд худалдан авагчид хэт үнэтэй гэж бодвол тэд худалдаж авахаа зогсооно. Лангууны эзэн үүнийг ойлгоод хэт үнэтэй болсон учраас цаашид үнээ өсгөхөө зогсоох бөгөөд үнэ буцаад унана. Энэ үед худалдан авагчид дахин худалдан авч эхэлнэ.
Нийлүүлэлт нэмэгдэхэд үнэ буурна
Гэнэт зах дээр өөр наймаачин гарч ирээд, бүр олон килограмм мах зарж эхэлсэн гэж үзье. Одоо махны нийлүүлэлт илэрхий өссөн. Энэ нь хоёрдох наймаачин хямд үнээр махаа зарж анхны наймаачны үйлчлүүлэгчдийг татахыг хүсэж байгааг илэрхийлнэ. Мөн түүнчлэн энэ нь худалдан авагчид бага ханшаар худалдан авч магадгүй илэрхийлнэ.
Үүнээс эхний наймаачин үнээ буулгах өндөр магадлалтай гэж харна. Тиймээс нийлүүлэлт гэнэт өссөн нь махны үнийг буулгана.
Эрэлт болон нийлүүлэлт тохирох үнийг зах зээлийн үнэ (market price - зах зээлийн ханш) гэдэг. Тухайлбал наймаачид болон худалдан авагчдын аль аль нь зарах махны хэмжээ болон үнийг хүлээн зөвшөөрч байгаа үнийн түвшнийг зах зээлийн үнэ гэнэ.
Санхүүгийн зах зээлд оролцогчид
Эрэлт болон нийлүүлэлт гэсэн ойлголт санхүүгийн ертөнцөд адилхан бөгөөд ижилхэн үйлчилдэг.
Хэрвээ компани сайн үр дүн, тайлан нийтлэвэл, мөн сайн ноогдол ашиг тараавал хүмүүс тухайн компанийн хувьцааг худалдаж авахыг хүсдэг. Ийн эрэлт нэмэгдсэнээр хувьцааны үнэ өсөхөд хүргэнэ.
Онлайн арилжаа гэж юу вэ? What is online trading?
Интернет ашиглан ямар нэгэн зүйлийг худалдан авах эсвэл зарах үйл ажиллагааг онлайн арилжаа гэдэг.
Өнөө цагт арилжаа хийхийг хүссэн хүн бүхэн интернетийн тусламжтайгаар онлайн арилжаанд оролцох боломжтой болсон.
Бараг бүх зүйлийг онлайнаар арилжаалж боломжтой болсон.
Жишээ нь: хувьцаа, валют, түүхий эд, биет бараа болон бусад олон зүйлийг онлайнаар арилжаалж болно.
Эдгээр бүх зах зээлээс хамгийн том нь форексын зах зээл юм.
Өдөр бүр 5+ их наяд долларын үнэлгээтэй валютыг арилжаалагддаг бөгөөд энэ нь форексын зах зээл дэлхийн аль ч хөрөнгийн биржээс том гэсэн үг.
Жич: Энэ нийтлэлийг гадаад эх сурвалжаас орчуулсан болно. Тиймээс зарим ойлголтууд Монголын нөхцөл байдлаас бага зэрэг зөрж магадгүйг анхаарна уу!!!