Хөрөнгө оруулалт хийх болон Арилжаа хийх хоёр нь санхүүгийн зах зээл дээрээс ашиг олох маш ялгаатай хоёр арга юм.
Хөрөнгө оруулагчид болон Арилжаачид хоёулаа зах зээлд оролцох замаар ашиг олохыг эрмэлздэг.
Ерөнхийдөө хөрөнгө оруулагчид худалдаж авах болон барих (хадгалах) замаар урт хугацааны туршид илүү их хэмжээний ашиг олохыг хүсдэг.
Эсрэгээрээ арилжаачид өсөж буй болон унаж буй хоёр зах зээлийн аль алиныг нь ашиглаж богино хугацааны туршид захиалга нээх болон хаах замаар багаар олон дахин ашиг олохыг хүсдэг.
Хөрөнгө оруулалт хийх
Хөрөнгө оруулалт хийхийн зорилго нь багц хувьцаа, хамтын хөрөнгө оруулалтын сангийн болон хувьцааны сагс, бонд болон бусад хөрөнгө оруулалтын хэрэгслүүдийг худалдаж аваад барих замаар урт хугацааны туршид баялгийг аажмаар бий болгох юм.
Анхаарах зүйл: Хөрөнгө оруулагчид ихэвчлэн ноогдол ашиг болон аливаа ашгаа нэмэлт болон бусад хувьцаа руу нийлүүлэх (compound) эсвэл буцааж хөрөнгө оруулах замаар ашгаа ихэсгэдэг.
Хөрөнгө оруулалт нь ихэвчлэн хэдэн жилийн турш, эсвэл хэдэн арван жилийн турш баригддаг бөгөөд энэ нь хүү, ноогдол ашиг болон хувьцааны ханшийн өсөлтийн ашиг өгдөг.
Зах зээл байнга хэлбэлзэж байдаг боловч хөрөнгө оруулагчид уналтын тренд байхгүй болно, ханш сэргэж эцэстээ бүх алдагдлыг нөхөх болно гэсэн хүлээлттэйгээр хөрөнгө оруулалтаа барьж байдаг.
Хөрөнгө оруулагчид ихэвчлэн ханш болон ашгийн харьцаа, менежментийн урьдчилсан мэдээ гэх мэт зах зээлийн суурь ойлголтууд дээр илүү их анхаарал хандуулдаг.
401(k) эсвэл IRA-тэй хүмүүс хамтын хөрөнгө оруулалтын сангийн өдөр тутмын гүйцэтгэлийг шалгаагүй ч гэсэн хөрөнгө оруулалт хийдэг.
Зорилго нь хэдэн арван жилийн турш тэтгэврийн дансаа өсгөх тул хамтын хөрөнгө оруулалтын сангийн өдөр тутмын хэлбэлзэл нь урт хугацааны турш дахь тогтмол өсөлтөөс бага ач холбогдолтой юм.
- 401(k) гэдэг нь ажил олгогчийн ивээн тэтгэсэн тэтгэврийн хуримтлалын төлөвлөгөө.
- IRA (Individual Retirement Account) гэдэг нь хувийн тэтгэврийн данс буюу тэтгэврийн хуримтлалыг бий болгоход зориулагдсан хөрөнгө оруулалтын данс.
Илүү дэлгэрэнгүйг “Хөрөнгө оруулалт гэж юу юэ?” нийтлэлээс уншина уу.
Арилжаа хийх
Арилжаа хийх гэдэг нь хувьцаа, бараа материал, түүхий эд, валютын хос болон бусад хэрэгслийг худалдаж авах, зарах гэх мэт илүү олон давтамжтай гүйлгээтэй хамаатай ойлголт.
Зорилго нь худалдаж аваад барих буюу хөрөнгө оруулалтаас өөрөөр өгөөжийг бий болгох юм.
Хөрөнгө оруулагчид жилийн 10-15 хувийн өгөөжид сэтгэл хангалуун байдаг.
Харин арилжаачид сар бүр 10 хувийн ашиг хайж байдаг.
Арилжааны ашиг бага ханш дээр худалдаж аваад харьцангуй богино хугацаанд өндөр ханш дээр зарах замаар бий болдог.
Эсрэгээрээ унаж буй зах зээл дээр өндөр ханш дээр зараад бага ханшаар худалдаж авах замаар ашиг хийх боломжтой.
Хөрөнгө оруулагчид худалдаж аваад барих гэсэн ашиг багатай арилжааг хүлээдэг бол арилжаачид тодорхой хугацааны дотор ашиг хийхийг эрмэлздэг бөгөөд урьдчилсан тодорхойлсон ханшийн түвшинд алдагдалтай арилжааг автоматаар гаргахаар ихэвчлэн stop-loss хамгаалалтыг ашигладаг.
Арилжаачид өндөр магадлалтай арилжааны боломж (оролт)-ыг олохын тулд ихэвчлэн хөдөлгөөнт дундаж (moving average), стохастик осциллятор (stochastic oscillator) гэх мэт техник шинжилгээний хэрэгслүүдийг ашигладаг.
Арилжаачны хэв маяг (style) нь хувьцаа, түүхий эд болон бусад арилжааны хэрэгслүүдийг худалдаж авах болон зарахдаа ашиглаж байгаа ханшийн графикийн хугацаа (timeframe) болон барих хугацаа (арилжааг нээлттэй байлгах хугацаа)-аар тодорхойлогддог.
Ерөнхийдөө арилжаачид дараах 4 ангиллын аль нэгд хамаардаг.
- Position Trader: Арилжаа нээгээд хэдэн сараас хэдэн жил хүртэл нээлттэй байлгадаг.
- Swing Trader: Арилжаа нээгээд хэдэн өдрөөс хэдэн хоног хүртэл нээлттэй байлгадаг.
- Day Trader: Арилжаа нээгээд хонуулдаггүй бөгөөд тухайн өдрөө хаадаг.
- Scalp Trader: Арилжаа нээгээд хонуулдаггүй бөгөөд хэдэн секундээс хэдэн минутын хооронд нээлттэй байлгадаг.
Илүү дэлгэрэнгүйг “Та ямар төрлийн форекс арилжаачин бэ?” нийтлэлээс уншина уу.
Илүү дэлгэрэнгүйг “Арилжаа гэж юу вэ?” нийтлэлээс уншина уу.
Гол ойлголтууд
- Хөрөнгө оруулалт нь урт хугацааны арга барилыг шаарддаг бөгөөд ихэвчлэн тэтгэврийн данс гэх мэт зүйлд хамаатай байдаг.
- Арилжаа хийх нь богино хугацааны арга барилыг шаарддаг.
- Арилжаа нь өдөр тутмын, сарын, улирлын өгөөжийг нэмэгдүүлэх богино хугацааны стратегиудыг агуулдаг.
- Хөрөнгө оруулагчид богино хугацааны алдагдлыг нөхөх магадлалтай байдаг бол арилжаачид хэлбэлзэлтэй зах зээлээс хурдан ашиг олоход туслах арилжааг хийдэг.
Хөрөнгө оруулалт болон Арилжааны ялгаа нь цаг хугацаатай илүү хамааралтай.
Зарим хүмүүс арилжаа хийж байгаагаа буюу арилжааны үйл ажиллагаагаа хөрөнгө оруулалт гэж үздэг.
Зарим хүмүүс мөнгөө өгсөх зорилгоор хөрөнгө оруулалт хийдэг.
Зарим хүмүүс тэтгэвэрт гарах гэх мэт урт хугацааны зүйлд зориулж хөрөнгө оруулалт хийдэг бол зарим хүмүүс машин худалдаж авах гэх мэт богино хугацааны тодорхой зорилгод зориулж хөрөнгө оруулалт хийдэг.
Зарим хүмүүст арилжаа хийх, мөнгөндөө ойр байх нь таалагддаг.
Тэтгэвэртээ буюу хөгшрөхдөө зориулж байгаа бол урт хугацааны хөрөнгө оруулалт хийх нь зөв болов уу?!
Богино хугацаанд мөнгө олохыг хүсвэл эсвэл арилжаа хийх нь таалагддаг бол арилжаа хийх хэрэгтэй болов уу?!
Хөрөнгө оруулалт болон арилжаа хийж байгаа хүмүүст зориулсан сайн зөвлөгөө:
Хөрөнгө оруулалт хийж байгаа хүн Ром нэг өдөрт байгуулагдаагүй,
Арилжааны хийж байгаа хүн Хирошима болон Нагасаки нэг өдөрт сүйрсэн гэдгийг санахад илүүдэхгүй, үргэлж санаж байх хэрэгтэй!
Эцэст нь хэлэхэд хөрөнгө оруулалт, арилжаа хоёр хоёулаа эрсдэлтэй үйл ажиллагаа гэдгийг анхаарах хэрэгтэй.
Жич: Энэ нийтлэлийг гадаад эх сурвалжаас орчуулсан болно. Тиймээс зарим ойлголтууд Монголын нөхцөл байдлаас бага зэрэг зөрж магадгүйг анхаарна уу!!!